Шинэжинст сумын ЕБСургууль

1.1.Байгууллагын үүсэл шийдвэр

БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1956 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар зарилгаар одоогийн Баян-Өндөр сумын 1, 6, 8 дугаар баг, Баянговь сумын 3 дугаар багийн бүгд 296 өрх, 860 хүн амтайгаар Шинэжинст сумыг Залаажинст уулын ард Эхэн Хавцгайт гэдэг газар төвлөрүүлэн байгуулжээ.

Сум байгуулсантай хамт 1957 онд анхны бага сургууль 4 багш, 5 ажилчинтайгаар гал голомт бадраажээ. Сургуулийн анхны захирлаар Дашдамбын Батдорж багш ажиллаж, Сэнгийн Даваа, Дэжидийн Дашдаваа нар энэ сургуулийн ууган багш нар болж эрдмийн гэрэлт хаалгыг нь нээлцсэн гавъяат хүмүүс юм.

Анх байгуулагдахдаа 4 бүлэг, 73 сурагчтай хичээлээ эхэлж байжээ.

Улмаар 1957 оны зун цаг Эхэн хавцгайт уулын зүүн энгэрээс байраа өөрчилж одоогийн сум төвлөрч байгаа газар сургуулийн шавыг тавьж, асар удалгүй сургуулийн барилгыг барьсан түүхтэй ажээ.

1957-1958 оны хичээлийн жилд нэгдүгээр ангидаа найман настай анхны шавь нараа элсүүлэн сургаж нэгдүгээр ангийн багшаар Данзангийн Баасан багш ажиллажээ.

                        1.2.Чиг үүрэг

Сургалтын орчинг сайжруулах, багш сурагчдын ажиллаж суралцах бололцоог бүрдүүлж шинэ стандарт-шинэ зорилт сургалтын чанарт ахиц гаргах.

Багш нарын мэргэжил боловсрол, заах арга ур чадварыг дээшлүүлэх, бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж сургалтын чанарыг сайжруулах.   

                        1.3.Зорилго

Сургуулийн эрхэм зорилго: Сургалтын таатай орчин бүрдүүлэх замаар хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж насан туршдаа суралцах чадвартай, бүтээлч, хариуцлагатай хүмүүнлэг иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг хүүхдэд ээлтэй загвар сургууль болно.

                        1.4.Одоогийн Ерөнхий боловсролын сургууль

Манай сургууль нь 2023 онд үндсэн 41, гэрээт ажилтан 1 нийт 42 ажилтантайгаар бага болон суурь боловсролын үйлчилгээг үзүүлж байна. 2022-2023 оны хичээлийн жил өдрөөр бага ангид 257, дунд ангид 172 нийт 429, дүйцсэн хөтөлбөрөөр 15 сурагч тус тус бага, суурь боловсролын эзэмшиж байна. Дотуур байранд 74 сурагчтай.

 

2023-02-27 09:49:22