Данзангийн Жагварал

Алтанбогд овогт Жагварал нь 1944 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг Хар чулуут гэдэг газар малчин ард Янжингийн Данзангийн отгон хүү болон мэндэлсэн. 1957 онд Баян-Өндөр сумын бага сургууль, 1963 онд аймгийн төвийн 10 жилийн сургуулийг сайн төгсөөд, 1969 онд Санхүү эдийн засгийн техникумын нягтлан бодогчийн анги, 1978 онд Намын дээд сургуулийн төрийн захиргааны удирдлагын ангийг төгсч улс төр судлаач мэргэжил эзэмшсэн, удирдахуйн ухааны магистр хүн юм.

1957-1964 онд Шинэжинст сумын "Дэлгэрэх" нэгдэлд малчин, бригадын тоо бүртгэгч, сумын клубын эрхлэгч, 1964-1967 онд АА-ийн 019-р ангид цэргийн алба хааж, 1967-1971 онд сумандаа бригадын дарга, нэгдлийн тооцооны нягтлан бодогч, 1971-1972 онд Шинэжинст сумын МАХН-ын үүрийн орлогч дарга, 1972-1974 онд аймгийн МАХН-н хорооны үйлдвэр худалдаа, барилга, тээвэр, холбоо хариуцсан зохион байгуулагч, 1978-1985 оны сүүлч хүртэл Шинэжинст сумын, 1985-1990 онд Жинст сумын Намын үүрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр 1990-1998 онд Шинэжинст сумын АДХ-ын тэргүүлэгчдийн дарга, сумын гүйцэтгэх захиргааны дарга, 1993-1996 онд ГИДЦГ-ын "Эхийн гол төв"-ийн захирал, 1996-2004 онд Шинэжинст сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар, улсад нийт 47 жил ажилласан. Улс төр олон нийтийн нэрт зүтгэлтэн байсан.

1992 онд сумын ард итгэлийг хүлээж БНМАУ-ын АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын 104-р тойргийн депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. 

Шинэжинст сум байгуулагдсаны 50 жилийн түүхэн ойд зориулж "Залаажинстийнхний замналын товчоон" хэмээх түүхэн номыг эмхэтгэн бүтээсэн нь сум орон нутгийн түүх бичиглэлд анхны дорвитой бүтээлийн нэг болсон юм. 

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, АХ-ын 50, 60, 80 жилийн ойн медаль, "Хөдөлмөрийн хүндэт медаль", төрийн дээд шагнал "Алтан гадас" одон, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнаж байсан. 

2023-02-09 15:21:53